Tuesday, March 30, 2010

Холестерол гэж юу вэ?

Холестерол нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестерол хэрэгтэй байдаг боловч цусан дахь хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг.

Цусан дахь холестеролын хэмжээ ихсэх нь судас хатуурахын гол шалтгаан болдог.

Ингэснээр судасны бөглөрөл үүсч эд эрхтэнд очих цусан хангамжийн дутагдлыг үүсгэдэг. Цусан дахь холестеролын хэмжээ ихсэхэд ихэнх тохиолдолд ямар нэг зовиур илэрдэггүй бөгөөд зөвхөн лабораторын шинжилгээгээр илрүүлэх боломжтой.

Хүний биед холестерол үүсэх шалтгаан юу вэ
Ханасан өөх тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь холестерол үүсэх үндсэн шалтгаан болдог. Тослог ихтэй сүү, өрөм, хайлмаг, бяслаг, өөхтэй мах, цөцгийн тос, өндөгний шар, дотор мах, тосонд хайрсан хоол, нарийн боов, амьтны гаралтай өөх тосонд ханасан өөх ихээр агуулагддаг. Ханасан өөх тосны хажууд ханаагүй агуулсан хүнсийг хэрэглэвэл цусан дахь холестеролыг бууруулж чадна.

Ханаагүй өөх тостой хүнсний бүтээгдэхүүнд оливын тос, ургамлын тос, маргарин, загас, самар зэргийг нэрлэж болно. Түүнчлэн холестеролын хэмжээ ихсэхэд удамшлын хүчин зүйл нөлөөтэй байдаг. Эдгээр хүмүүст хоолны хэв маягаас үл хамааран холестеролын хэмжээ өндөр байдаг.

Хэрэв та ханасан өөх тос багатай, эрүүл хоол хүнсийг хэрэглэж заншвал цусан дахь холестеролыг хэвийн хэмжээнд барьж чадна. Зарим хүмүүс холестерол бууруулах эмийг зайлшгүй хэрэглэх шаардлага гардаг.

Цусан дахь холестеролын хэмжээг хэвийн байлгахын тулд яах ёстой вэ
-Өөхгүй махыг сонгож долоо хоногт 2-оос доошгүй удаа загас хэрэглэх
-Махны өөхийг, тахианы гадар арьс хальсыг цэвэрлэж хэрэглэх
-Тосыг нь ялгаж авсан цагаан идээ, тухайлбал тараг, аарц, ааруул хэрэглэх
-Ургамлын болон оливын тос хэрэглэх
-Нарийн боов, жигнэмэг бялуу, хиам, зайдас, мөхөөлдөс хэрэглэхгүй байх
-Шарсан болон хайрсан хоол хэрэглэхээс татгалзах
-Жимс жимсгэнэ, самар, хүнсний ногоо, үр тарианы бүтээгдэхүүн өргөн хэрэглэх

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment

 

Have a happy day © 2010. Дизайныг шинэчилсэн: ЭММТ-401 Эрка