Эрүүл мэндийн тухай хууль
ГУРАВДУГААР БҮЛЭГ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
22 дугаар зүйл. Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах
22.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч, бага эмч энэ хуулийн 17.1-д заасан эмчлэх үйл ажиллагаа эрхлэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
22.2. Сувилахуйн боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан сувилагч сувилах үйл ажиллагаа явуулна /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
22.3. Эм зүйн ухааны боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан эм зүйч, эм найруулагч эм барих үйл ажиллагаа явуулна.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ зүйлд 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.4. /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
23 дугаар зүйл. Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгох, дахин авах, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох
23.1. Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг дараахь тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 6 сараас 1 жил 6 сар хүртэл хугацаагаар хүчингүй болгоно:
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.1.1. эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн;
23.1.2. мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон нь нотлогдсон.
23.2. Энэ хуулийн 23.1.-д заасны дагуу зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд уг хугацаа дууссаны дараа тухайн эмнэлгийн мэргэжилтэн дахин зөвшөөрөл авах асуудлаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Ёс зүйн хороо байгуулан ажиллуулна. Ёс зүйн хорооны дүрэм анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/.
24 дүгээр зүйл. Хүний их эмчийн тангараг
24.1. Анагаах ухааны дээд боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн хүн бүр:
"Эмч би,
Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж,
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа
тангараглая,
тангараглая,
тангараглая."
гэсэн хүний их эмчийн тангаргийг өргөнө.
/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
24.2. Тангараг өргөх, хүндэтгэл үйлдэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
24.3. Тангараг өргөсөн хүний их эмч нэрийн тэмдэг хэрэглэнэ.
25 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний эрх
25.1. Эмнэлгийн мэргэжилтэн дор дурдсан эрх эдэлнэ:
25.1.1. мэргэжлийн онцлог асуудлаар аль ч байгууллагын захиргаа, иргэнд шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
25.1.2. өвчтөний амь насанд аюултай байдал буй болсон, амаржих зэрэг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;
25.1.3. эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн эрх, үүрэгт нь болон өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд түүнийг эмчлэх, үйлчлэхээс татгалзах;
25.1.4. өвчтөний амь насанд аюултай байдал бий болсон тохиолдолд эмч өөрөө үр дүнтэй гэж үзсэн эмчилгээний аргыг сонгон хэрэглэх;
25.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх.
25.2. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн онцлогтой холбогдсон тодорхой эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.
25.З. Энэ хуулийн 25.1.2-т заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг түргэн тусламжийн үйлчилгээний тарифаар холбогдох эмнэлгийн байгууллага нөхөн олгоно.
26 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний үүрэг
26.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь дор дурдсан үүргийг хүлээнэ:
26.1.1. эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
26.1.2. гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюул учирсан иргэн, амаржих гэж байгаа эхэд энэ хуулийн 25.1.З-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх;
26.1.З. эрүүл мэндийн холбогдолтой хууль тогтоомж, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамж журам болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан мэргэжлийн үүргийг чанд биелүүлэх;
/Энэ заалтад 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
26.1.4. хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
26.1.5. иргэний эрүүл мэндийн болон байгууллагын нууцыг хадгалах;
26.1.6. өвчин, эмгэг болон өвчтөн, нас барагчийн талаархи хууль тогтоомжоор хориглосноос бусад үнэн зөв мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөний ар гэрийнхэнд өгөх;
26.1.7. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
261 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгаа /Энэ зүйлийг 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
261.1.Эмнэлгийн мэргэжилтэн нийгмийн дараахь баталгаагаар хангагдана:
261.1.1.эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд тэтгэвэрт гарахад нь 12 сарын, үүнээс сум, тосгон, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагаас нь нэг удаа олгох;
261.1.2.орон нутгийн хурал, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнд нэмэгдэл цалин, урамшил олгох, дэмжлэг үзүүлэх;
261.1.3. сум, тосгон, сум дундын эмнэлэгт 3-аас дээш жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг төрийн зардлаар төгсөлтийн дараахь мэргэшүүлэх сургалтад хамруулах, их эмч, бага эмч, сувилагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагаас олгох;
/Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
261.1.4.хуульд заасан бусад баталгаа.
261.2.Энэ хуулийн 261.1.1-д заасан тусламж олгох журам, уг тусламжид хамрагдах эмнэлгийн мэргэжилтний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
27 дугаар зүйл. Эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл цалин хөлс, нөхөн төлбөр
27.1. Олон улсын хөл хориот өвчний голомтод болон байгалийн гамшиг, осол, бусад онцгой тохиолдолд гэнэтийн дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд цалин хөлсийг нь З дахин нэмэгдүүлж, дайчилгааг зохион байгуулсан газраас голомт цомхотгосноос хойш 1 сарын дотор олгоно /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/.
27.2. Эрүүл мэндийн ажилтан олон улсын хөл хориот өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үүргээ гүйцэтгэх үедээ гадны шалтгаанаар амь насаа алдвал ар гэрт нь түүний 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 удаа, хөдөлмөрийн чадвараа түр алдах буюу тахир дутуугийн зэрэг тогтоогдвол тэтгэмж, урьд авч байсан цалин хөлсний зөрүүг тэтгэмж авч байгаа хугацаанд ажил олгогч олгоно /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
27.3. Олон улсын хөл хориот өвчний голомтод болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ажилд дайчлагдан ажилласан иргэн энэ хуулийн 27.2.-т заасан заалтад нэг адил хамаарна /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
27.4. Энэ хуулийн 27.3-т заасан иргэн тогтмол ажил эрхэлдэггүй бол цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно.
Tuesday, June 1, 2010
Эрүүл мэндийн тухай хууль
Labels:
Эрүүл мэнд
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл үлдээх:
Post a Comment