Tuesday, March 30, 2010

Блогчин

Интернэт сайтуудаар аялагчдын хувьд БЛОГ-ийг мэдэхгүй хүн үгүй. Хэнээс ч хараат бус жинхэнэ сонгодог мэдээллийн хэрэгсэл болох блог сүүлийн ганц хоёрхон жилийн дотор манай залуусын дунд маш хурдацтай тархаж байгаа. Blog буюу web log-ийн товчлол болох мэдээлэл, бизнесийн энэ том орон зай нь нас, хүйс, мэдлэг боловсрол, мөнгөнөөс үл хараат.

Үзэл бодол болон үзэж харсан, сонсож дуулснаа хэн нэгэнтэй хуваалцахыг хүсвэл бас Баабар шиг, блогчин Arteniyan, Camp шиг олны танил нийтлэлч болохыг хүсвэл өөрийн блогийг нээ. Хэнээс ч, ямар ч зөвшөөрөл авах хэрэггүй. Бас юу бичих, бичсэнээ хэн нэгэнд уншуулж, засуулж түүний сэтгэлд нийцүүлэх албагүй. Жинхэнэ Мэдээллийн, хэвлэн нийтлэх жинхэнэ эрх чөлөө энд л бий. Хамгийн товчоор блогтой хүн бүр “хувийн” интернэт мэдээллийн хэрэгслийн эзэн гэсэн үг.

Блогт хил хязгаар гэж үгүй. Монголдоо төдийгүй дэлхий даяар дуу хоолойгоо, хүсэл мөрөөдлөө, шүлэг, яруу найргаа бас бизнесийн саналаа цацах хил хязгааргүй боломж юм. Хэдэн жилийн өмнө Америкийн нэгэн охин өөрийн БЛОГ-оор саятан болсон түүхийг уншиж байлаа. Тэр үед манайд интернэтийн сураг дөнгөж гарч, зарим нэг томоохон байгууллага, албан газруудад л ийм юм хэрэглэдэг байсан. Тийм болохоор компьютерийн дэлгэц ширтэж байгаад яаж бизнес хийдгийн учрыг огт ойлгоогүй юм даг.

Чөлөөт цагаа интернэтэд өнгөрүүлдэг тэр охин чихмэл тоглоомын маш арвин цуглуулгатай байжээ. Түүнийгээ блогийн найзууддаа гайхуулан хаанаас, хэзээ авсан, ямар дурсамж, түүх агуулдгийг зурагтай нь танилцуулдаг байж л дээ. Гэтэл энэ нь хүмүүсийн сонирхолд ихэд нийцсэнээс түүний блог хүүхдийн тоглоомын хамгийн том интернэт худалдааны сүлжээ үүсгэжээ. Америк төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байдаг блогийн найзууд нь түүний захиалагч. Мэдээж тэд наймаачид шиг тоглоом бөөндөхгүй. Зөвхөн өөрийнхөө аль эсвэл хүүхдийнхээ хэрэгцээнд л зориулж захиална. “Дуслыг хураавал далай болно” гэдэг шиг түүний блогийг сонирхдог дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчид нь ганц, ганцыг захиалсаар сүлжээ үүсгэн энэхүү бизнесийн ертөнцийг бий болгожээ. Харин манайд одоохондоо энэ төрөл арай л өргөжих боломжгүй байгаа. Бизнесийн гэхээсээ илүүтэй санал бодлоо бусадтай хуваалцах, зөвлөгөө авах, тусламж хүсэх, уран бүтээлээ бусдад хүргэх, тэдний сэтгэгдлийг сонсох байдлаар дөнгөж хөгжиж эхэлж байна.

Зарим нэгэн блог үнэхээр “тасархай”. Залуучууд маань ямар ч олон орноор аялаж, зугаалдаг болсон юм. Нүдэнд харагдтал, гарт баригдтал дүрсэлж, бас гоё гоё зургаар материалаа чимсэн нь ямар ч сайн сэтгүүл, телевизийн нэвтрүүлгээс дутахааргүй аж.

Блогчид дотор янз бүрийн мэргэжил, боловсролтой хүн бий. Тийм болохоор блог бүхэн өөр өөрийн төрх, ертөнцийн олон өнгө, амтыг шингээсэн мэдээлэлтэй. Түүн дотроос сонирхолтой, хэрэгтэйг нь олж сонгож чадвал блогт юм бүхэн бий. Харин зарим нэг блогчид бусдаас онцгойрох гэж хэт хар ярианы хэлээр бичих болсонд би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. Ийм блогоор зочилсны дараа “аав, ээжээ” ч зөв бичиж чадахаа больж, тархи толгой бүр мансуурч гүйцдэг юм билээ. Сая тэр блогоороо орлоо. Нэг нийтлэл бичиж. Уг нь түүний нийтлэл сонирхолтой л доо. Даанч … Тэр дотор “…Исүүл гартай нь үлдээгээд толгойд нь юууу ч ордгүү болгоод өг түхүү. Исүүл ерөөсөө.. за за муухай юм хэлкжийнуу даа энэ чинь” гэжээ. Хүн бүр үүн шиг бичдэг болчихвол зөв бичихийн дүрэм хэрэггүй л болох байх. Энэ мэт дуугүй байж боломгүй зарим нэгэн саар тал блогт бий. Гэхдээ блогийн хил хязгааргүй боломж манай залууст дэлхийн хаалгыг нээж, монгол блог ертөнцийн өнцөг булан бүрт зочилох сайхан ирээдүй гэрэлтэж байна.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment

 

Have a happy day © 2010. Дизайныг шинэчилсэн: ЭММТ-401 Эрка